3.29.2009

Зулзагатай болов гэж...

Өнөөдөр мартын 8-ны өдөр, зулзуухай маань
Алтан дэлхийн ээжүүд
Адил бүгдээрээ сайхан даа
Миний ээжий, сайхан ээж
Манай дэлхийд байхгүй дээ...
гэж дуулж, “Хайртай ээждээ Мартын 8-ны баярын мэнд хүргэе!” гэв.


/Ингээд би “Мартын 8”-ны өдөр эхлүүлээд орхисон бичлэгээ доор сийрүүллээ./

Нүдээ нээлээ. Үүр хаяарчихаж... Урд шөнө юу боллоо доо. Ямар ч байсан хүүхдээ төрүүлсэн гэж санаад гэдэс уруугаа гараа явуулан баталгаажуулж авав. Хүүхдийн уйлах дуу, “Гарын арван хуруу, хөлийн арван хуруу бүтэн, 4.1 кг, 53 см хүү төрлөө” гэж хэлсэн эмчийн үг, “за ямартай ч хүүхдээ эсэн мэнд төрүүлж чадлаа” хэмээн бодогдож байсан санаанд оров. Нойрон дунд сувилагчийн “их ховдог хүүхэд байна” хэмээн хөхөн дээр хүүхдийн толгойг наагаад байсныг ч бүүр түүрхэн саналаа.

За байз хүүхдээ харах юмсан гэх бодолтой минь зэрэгцээд мэс засалчийн хувцастай нэг л зүс үзсэн эмч залуу шилэн хананы цаанаас хэд хэд булталзаж байгаад л мишээсээр ороод ирлээ. Ойртоод ирсэн чинь нөхөр маань эмчийн дүрд орчихсон, инээсэн зогсож байна. Сувилагчийг дуудаж хүүхдээ авчрууллаа. Солигдчих вий дээ хэмээн айж байсан түгшүүр минь тэр дороо л замхрав. Шууд л би өөрийгөө тэндээс олж харж, харин аав нь өөртэйгээ адилхан болох тухай мөрийцөхөд ч бэлэн байлаа гэж... Нөхөр маань хүүгээ, хүүгийн ээжийг ээлжлэн үнсэж, “Ингээд би нэг бүдкатай байснаа, хоёр бүдкатай болчихлоо” хэмээн их л баярлан, дахин дахин үнсэж, дахин дахин харж ханахгүй байлаа. “Ингээд би ээж боллоо шүү дээ” гэсэн бодол намайг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болгож байсан юм. Урьд өдрийн өвдөн шаналж байсан ч ул мөргүй замхарчээ...

Энэ нэг бяцхан амьтныг задлаад үзчихвэл яадаг бол??? Задалчихаад буцаагаад боож чадахгүй юм чинь, яадаг юм билээ? Уг нь миний л хүүхэд юм чинь задалж үзмээр байхийм...

Надтай зэрэг шахам нэгэн бүсгүй төрсөн юм. 2-уулаа ярилцаж байгаад хүүхдүүдээ задалж үзэхээр шийдэв. Өө хөөрхий, ямар өөдөсхөн амьтан бэ? Түүний охин 2.5 кг орчим жинтэй бяцхан амьтан байв. Манай хүү ч тэр бяцхан гүнжийн хажууд бараг л 2 дахин том, нэг л данхайсан нөхөр. Хоёулаа бие биенийхээ хүүхдүүдийг хараад л...

- Хөөх, ямар хөөрхөн жижигхэн юм бэ?
- Пөөх, ямар мундаг бакь юм бэ?
- Энэ гарыг нь хараач ээ, эгдүүтэй жаахан гэж...
- Хараач манай хүүгийнхийг, ёстой мундаг том хөлтэй юм аа...
- Ам нь ямар эгдүүтэй жижигхэн юм бэ?
- Энэ дууг нь ёстой бүдүүн юм аа...

гээд л нэг нь ямар энхрий бяцхан амьтан болох тухай, нөгөө нь лут эр болох тухай 2 талд дуу алдацгааж байлаа. Ямартай ч хэн хэн нь өөрсдийнхөө хүүхдийг хамгийн хөөрхөн, эгдүүтэй зулзагууд мөн гэдэгт огтхон ч эргэлзэлгүй үлдсэн юмдаг. :)

Анх би жирэмсэн байхдаа "одоо ингээд хүүхэдтэй болно" гэсэн гэнэхэн баяр баясалтай байсан санагддагийм. Харин төрснийхөө дараа өдөр эмчийг хүлээнгээ, ойр хавийн өрөөний хүүхдүүдийг шилэн хананы цаанаас ажиглалт хийн зогссоор, хүүгээ ганцааранг нь зөндөө удаан орхисноо гэнэт санаж, өрөө уруугаа яарч билээ. Өрөөндөө орж ирээд "би ингэж хүүхдээ ганцааранг нь орхиж болохгүй, хэзээ ч болохгүй, тэр ч бүү хэл насан туршдаа" гэж бодогдонгуут айдас бүх биеийг минь эзэмдэж, орон доогуураа шургачихмаар ч юм шиг, эсвэл хаа нэгтээ зугтаамаар ч юм шиг ямар ч байсан надад эх хүний маш том хариуцлага ирж байгааг илүү их ухамсарлаж билээ.

Шинэхэн ээж болох ч бас хөгжилтэй шүү. Нөхөртэйгээ хамжаад хамжаад өлгийднө гэж бөөн холион бантан, 5-хан минутын дараа нь хөл нь гарчихсан тийчэлж байдагсан.

Цаг хугацаа ч гайхалтай хурдан өнгөрөх юм, нэг мэдэхэд л 4-н өвлийг ардаа үдчихэж. Банди хүүхдийн сонирхол нэг бодлын их амар, ойлгомжтой. Дурын зүйлийг дөрвөлжин байвал “машин”, гурвалжин байвал “буу”, шулуун байвал “сэлэм” болгочихно. Жил ирэх бүр сонирхол нь улам нарийсаж онгоц, танк, компьютер... гээд л, гэхдээ ямар ч байсан л техник хэрэгсэл л сонирхоно. Харин танкнаас бол үнэндээ сонирхол нь буурахгүй байгаа шүү.
- Миний хүү, ээждээ юу захих вэ?
- Танк!

Ээж хүү 2-ын харилцаа эх хүүгийн, сайн найзуудын харилцаан дээр үндсэндээ тогтох бөгөөд заримдаа ч мэдэхгүй ээ...:)
- Би чамтай тоглохгүй ээ...
- Би ч гэсэн чамтай тоглохгүй юм чинь! гээд л хоёр биендээ үнэд орж өгнө шүү дээ.

Заримдаа байдал шууд 180 хэм эргэж,
- Ээж ээ, босоорой. Нар болсон байна.
- Аааааааан, ээж нь жаахан унтчихъя л даа. Өнөөдөр амралтын өдөршд.
- Ээж ээ, босоорой!
- За ээжийгээ татаарай! Хүүп ай... Миний хүү ямар мундаг юм бэ? Ээжийгээ босгочихлоошд :)

Заримдаа ч бас хэн нь хэнийгээ хүмүүжүүлээд, халамжлаад байгаа нь ойлгогдохоо болино.
- Яагаад хөл нүцгэн яваад байна?
- Аан за, ээж нь одоохон оймсоо өмслөө.
Эсвэл
- Яагаад оймстой гүйгээд байна? Хөлөө дааруулчихав аа!!!
- За за, ээж нь таавчгаа өмслөө... хэхэ

Олон эрдэмтэн мэргэд Өэлүн эхийн ач гавъяаг өлөн зэлмэн ч гэсэн үр хүүхдүүдээ язгууртны ёсоор, хаан сэтгэхүйгээр хүмүүжүүлсэн явдал гэж дүгнэсэн байдаг. Түүн лугаа нэгэн адил миний бие өөрийн зулзагаа улс орны нүүр царай болсон, зорилготой, итгэлтэй, соёлтой, шударга, манлайлагч залуусын нэг болгон хүмүүжүүлнэ ээ гэж... :)

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг тун нарийн асуудал байна шүү.
- Өөрийн үнэ цэнийг алдалгүй, бусдыг хайрладаг, сайхан сэтгэлтэй, хүнлэг нэгэн болоосой,
- Өөртөө итгэлтэй омог бардам байвч, бусдыг хүндлэх даруу нэгэн болоосой,
- Учиргүй дуу дуулаад, зураг зураад байхгүй ч, урлаг соёлын нарийн мэдрэмжтэй нэгэн болоосой,
- Спортоор хичээллэж, бие сэтгэлийн тэвчээртэй, эрүүл чийрэг нэгэн болоосой,
- Алдаа эндэгдэл гарсан ч, түргэн босч чадах сэтгэлийн тэнхээтэй, хариуцлагатай нэгэн болоосой,
- Юу юунаас илүү тавьсан зорилгынхоо ард гарч чадах тэвчээртэй, шударга, өөрийгөө үл хуурагч нэгэн болоосой гээд эх хүний санаа тавих асуудал зөндөө.

Анхаарал хэт тавьбал нялцгар нэгэн болох, сул тавьбал "тэр хэн болохыг тэнгэр мэдэх л хэрэг болно" гээд хүмүүжил гээч зүйлийн давсыг нь тааруулж, хужрыг нь тунгаах гээд бодох асуудал олон.

Хараад байхад айлын ганц хүүхдүүд хувиа хичээмтгий, хариуцлагагүй нэгэн болоод байдаг нь анзаарагдаад байгаа тул хүүдээ дахиад нэлээн хэдэн зулзуухайнууд дагуулж өгөх. Өөрөө мэдлэг боловсролгүй байж, үр хүүхдээсээ түүнийг нэхнэ гэдэг утгагүй тул өөрөө илүү боловсрох, үлгэрлэх гээд ээжийнх нь хийх зүйл асар их.

Одоохондоо ч бяцхан зулзуухай маань алив бүхний учрыг ойлгосон нэг л хэвлүүхэн эр болоод байгаа болохоор, ээж аавынхаа гэрт байгаа дээр нь “эрхлүүлэх” гэдэг өөрийн үндсэн үүргийг овоо торниухан гүйцэтгээд л байгаа... :)

За ингээд,
Монголын үрс маш олон болох болтугай!
Монголын үрсийг маш олон болгох үүрэгтээ ханцуй шамлан орцгооё! Залуус аа!
хэмээн энэ хүрээд бичлэгээ өндөрлөе дөө.

3.07.2009

Блогтой болов би...

Ангийн анд акул блоггер Хишигээгийн нөр их зөвлөмж, ятгалга, шаардлага, шантаачлалд бүрэн автаж, блог уншигч биш блог тэрлэгч болохоор сэтгэл шулуудав би... :)

Нэгэн үе nickname болгон ашиглаж байсан “LotusQueen”-ийг хаягаа болгоё гэтэл нэгэн “бяцхан гүнж” өрсчихөж, тиймээс “Lotus-Queen” хаяг авлаа. Энд Nickname-ийн талаар товчхон дурдмаар санагдлаа...

Сургууль төгсөөд удаагүй байсан үе. Бидний хэдэн ангийн нөхдүүд хамтдаа ажиллаж байлаа. Компани захиалгатай үед ажлаа хийнэ. Харин захиалгагүй үед “биеэ боловсруулах” нэрийн дор нүд дэлгэц ширтээстэй, гар товчлуурт наалдаастай үгүй мөн чиг завгүй байдагсан. :) Age of Empire-аар ч ёстой өвчилсөн дөө. Энэ акул блоггер Хишигээ гэдэг нөхөр чинь үнэндээ акул “Empirechin” блаашд. :) “Талын баатар” Амарбуян, “Gizmo” Gizmo /жинхэнэ нэрийг нь марттал empiredsan бнашд.../, “Пян пян” Энхбаатар, “Ганзо хан” Ганзориг гээд л... Цогбаяр харин ямар niсk-тэй байлаа даа. Хишигээ болохоор нэг бол ямар нэгэн “хан” болно, сүүлд лав “Асашёрюу” гэсэн явж байсан. Дундуур нь нэг удаа “Ариунаа” болсон тууж байдгийм. Хахаха. Учрыг лавлатал “дуучин Ариунаа” болж байгаам гэсэн. Бодвол хөөрхий дууг нь таашаадгийм байлгүй. Бусад нь “...баатар”, “...хан” гээд л нэр аваад байхийм би яагаад “Queen” байж болохгүй гэж гээд л “Lotus Queen” болоотхов.

За ингээд л хоёр баг болоод л үзэж тарна шүү дээ. Хишигээг гүйцэх empirechin лав л манай дошинд байгаагүй юмдаг. Зүүн талын тэргүүн магнайг “Асашёрюу”, баруун талын тэргүүн магнайг “Талын баатар” манлайлна. Би “Асашёрюу”-ийн багт орох бөгөөд манай баг мэдээж ихэвчлэн ялна. Ялахын тулд бас их хөдөлмөрлөнө өө. Толь эргүүлээд л улс орнуудыг, техник хэрэгсэл, технологийг судалж өгнө шүү дээ. Сонирхолтой сэдэв тул залхуурна гэж байхгүй. Өдөржингөө тоглочихоод л, орой нь технологи судлаад л, шөнөжингөө зүүдэндээ дайтчихаад маргааш өглөө нь бөөн тактик нөхөр орж ирдэгсэн.

Манай “Ганзо хан” чинь их уран тоглолттой. Дайсан орж ирэх бүх нүх сүвүүд дээр Лам аваачиж тавьчихаад л орж ирсэн болгоныг урвуулаад л байж байх жишээтэй. Бүр гарцаагүй байдалд. :) Хишгээ бол их хурц ширүүн, уран, дайчин тоглолттой. Аль хэдийнэ л шинэ технологи, боломжийг нь судлаад амжчихсан байдагсан. “Талын баатар” ч ялгаагүй хурц, дайчин тоглоно. Empiredaj байх үед дарга цэргийн ялгаа ч ёстой байхгүй болно доо. Хожигдсон “Талын баатар”, “Gizmo” 2-ыгоо ч муу үгээр утаж өгнө шүү дээ. Тэдний менежер байх энэ үед ямар ч падгүй. Талын баатрын хор шар нь ч буцлаад л, хөөрхий Gizmo загнуулаад л... хэхэ. Хөгжилтэй байж дээ.

Тоглоом тоглох хэдий хор шар буцалгаж, сэтгэл сэргээж, баяр хөгжлийг авчирдаг ч тэгсгээд больсон доо. Тоглоом бүхнийг умартан улайруулчихдаг, нөгөө талаар үнэт цагийн минь асар хөнөөлт дайсан болох нь удалгүй мэдрэгдэж, өөрийн “ухамсарт үйлдэл”-ээр аргагүй больж билээ. Түүнээс хойш “Computer Game” гэдэг зүйлийг нэг нүдээрээ ч үзэхээ больж, "тааралдсан газар нь дариу устга" гэдэг команд автоматаар биелэх болсон. Хайран цагаа дэмий үрэн тоглоомд толгойгоо мэдүүлэх хүүхдүүдийг хараад үнэхээр харамсах сэтгэл төрөх юм. Хайран цаг, хайран эрүүл мэнд, хайран ирээдүй гээд л... ашигтай зүйл их л ховор доо. Түүний оронд жинхэнэ спорт тоглоомоор зохистой хичээллэвэл бие эрүүл, бялдар чийрэг, нас залуу, гээд л... бөөн ашиг :)

За анхны бичлэг маань жаахан базаахгүй сэдэв уруу л хальтирчихав уу даа. Тоглоом наадгай гээд л... :(